“УРЛАГ БА МӨНГӨ: АРДЫН ЗУРААЧДАД МӨНГӨ ХЭРЭГГҮЙ”
Уран бүтээлч Н.Баасандорж
Дүрслэхийн сургуульд тэнцэж орсон оюутнууд бүгд АРДЫН ЗУРААЧ БАЙДАГ гэж үг байдаг. Захиалгагүй жинхэнэ урлаг бүтээхээр төрсөн гэдэгтээ бат итгэж, ямар ч саад бэрхшээлийг үл тоон, чин хүсэл байхад бүгдийг нь дайраад гарна гэсэн залуу насны гэнэн омгоороо зүрхээ чангалчихсан ардын зураачид. Дүрслэх урлагийн сургууль зурах дүрслэх дадлага хийх академик сургалт дээр илүүтэй төвлөрдөг тул цаас харандаанаас эхлээд будаг бийр, холст рам гээд “хэрэглээ” өндөртэй. Хэрэглээгээ хангах гэж оюутнууд юу эсийг хийхэв. Халтуур олдвол бөөн баяр. Олдохгүй бол хэн нэгнээсээ гуйна, зээлнэ, эцэг эхээ шаналгана, амьд хүн аргатай гэдэгчлэн яаж ийгээд л болгож явсаар оюутан цагийн тарчигхан үеийг даваад гарна. Мэдээж хүн бүхэн адилгүй, хүлэг болгон жороогүй. Хэрэглээнээсээ хэтэрсэн хэрэглээтэй нэгэн ч байна.
“Мөнгөний төлөө хийж эхэлбэл урлаг биш болно. Урлагийн бүтээлийг захиалах боломжгүй. Угаасаа урлагийн хүн тарчигхан амьдарч, зөвхөн бүтээлээ хийхэд анхаарах ёстой” гэж хаа нэгтэйгээс сонсоод, өөрсдийгөө Ван Гогууд болгочихсон. Нэгэнт Ван Гог болсноос хойш будаг бийрний мөнгө олоход огтхон ч санаагаа үл чилээнэ. Болно доо гэж бодно. Ардын зураачаас ард иргэдийнхээ дунд орох хэцүү.
Орхон гуай (Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, хөрөг зураач Н.Орхон) “Уран зураг бол нүдний хулгайн урлаг” гэж хэлж байсныг санаж байна. Дүрслэх урлагт суралцах нь шилдэг бүтээлүүдийг нүдээр үзэхээс гадна, урлан бүтээх үйл явцыг ажиглаж мэдвэл сайн сурна гэсэн санаа байх. Сайн сурж чадвал сайн хулгай хийсэн гэсэн үг. Гэхдээ зөвхөн урлан бүтээх үйлд чихээ таглан зүтгээд бай гэж хэлээгүй нь тодорхой. Бидний чих бүтээл хийхэд нүднээс дутуугүй чухал үүрэгтэй байвал яах уу? Тэр үүрэг нь чухам юу байж болох вэ?
“Ухаантай хүн гэдэг бусдын үзсэн туульсныг судлаж, түүнээсээ сургамж авч, явах замаа товчилж чаддаг хүнийг хэлнэ” гэдэг. Үнэхээр л бид бүх зүйлийг биеэр үзэж, үнэн мөн чанарыг нь ойлгож ухаарах гэж явах нь хэтэрхий цаг алдсан хэрэг болох байх. Тиймээс, ардын зураач алдраа түр хойш тавьж, уран бүтээлчдийн үзсэн туулсныг сонс. Чих тавин сонсоод үзвэл агуу бүтээл хийхийн үндэс нь бусдад таалагдах гэсэн хүсэл, бусдад таалагдах гэсэн хүсэл нь талхны мөнгөө олох гэсэн хэрэгцээ байх бий. Бид өндөр мэдрэмжтэй уран бүтээлч байх эсэхээс үл хамааран хооллох, хувцаслах, гэр оронтой байх зэрэг амьдралын нэн чухал хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Өлөн ходоодтой хичнээн сайхан бүтээл хийж чадах бол. Яг энэ асуултын хариултыг сонсохын тулд чихээ ашигла. Зөвхөн дээрх зорилгод нүд чихээ ашигла гэж хэлээгүй гэдгийг маань та надаар хэлүүлэлтгүй ойлгох биз. Ядаж л уран бүтээл хийхээр зориг шулуудсан сэтгэлийг тань “өлөн ходоод” чилээхгүй байх хэрэгтэй болж таарах нь. Гэвч зөвхөн мөнгөнд улайрч, өөрийн чиглэлээс бүү хазай. Би боломжтой болсон цагтаа л хийнэ гэж хойшлуулвал буруу болно. Ингэж хойшлуулсаар таны чин сэтгэлээс хүсэн тэмүүлж байсан зүйл сэтгэлийн гүнд чинь сайхан дурсамж болж үлдэнэ. Бодсон бодлыг үйлдэл биежүүлдэг. Бас чи л жинхэнэ урлагийг бүтээхээр төрсөн гэдэгтээ бүү эргэлз. Жинхэнэ урлагийн бүтээлээ хийх эрх чөлөөг мөнгөөр худалдаж авч байна гэж ойлго. Эцэст нь та урлаг бүтээх нь онгод хиймориор хөглөгдөж бүтдэг зүйл биш гэдгийг ойлгож, хатуу ч гэсэн хөрсөндөө бууж, алхаж үзээрэй.
2019.5.29
Улаанбаатар хот, Монгол улс
©2019 Норовсамбуугийн Баасандорж. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.