“УРЛАГ БА МӨНГӨ: АХУЙГААС АНГИЖРАХУЙ БУЮУ ИЛҮҮ ТОМООР ХАРЬЯ”

DrTsegmid
Vanjil Art Institute
3 min readMar 4, 2021

Интерьер дизайнер, “Nomi Studio”-г үүсгэн байгуулагч Ж.Номин-Эрдэнэ

Ж.Номин-Эрдэнэ “Nomi Studio” дээр, Их Монгол Плаза, 4-р давхар, 2021.

Дорно дахины эртний нэгэн хэлц бий: “ Зүрх сэтгэлийг бурхан мэдтүгэй, харин гараа хөдөлгөе”. Энэ нь хүн ямар ч өндөр дээд зорилгод эрмэлзэхдээ ердийн ахуйтай амьдралаар амьдрах нь гарцаагүй юм. Угаас хүн төрөлхтөн идэх, уух, өмсөж зүүх хүсэлтэй төрдөг ба дотооддоо ямагт эрх чөлөөтэй байхад суралцахад амьдралын зорилго оршино. Энэ зорилгын төлөөх тэмцэл илүүтэйгээр уран бүтээлч хүнд хурцаар мэдрэгдэнэ.

Олон зууны турш уран бүтээлч хүн ядуу, хоосон байдалд л сайн уран бүтээл туурвидаг хэмээн үзэх нэг хэсэг байхад, харин нөгөө хэсэг нь сайн үнээр худалдагдсан бүтээл сайн бүтээл байдаг гэж мэтгэлцсэн энэ сэдэв одоог хэр нь үргэлжилсээр. Энэ сэдвийн тухай бодох тоолонд доорх явган үлгэр санаанаас үл арилна. Хоёр даяанч дайралдаад тэдэнд хөвөн хөөрөх эрдэм заах багшийг хайж олохоор шийджээ. Тэд элдэв бүхнээс ангижирсан, ноорхой хувцас өмсөж явдаг Мастер хайхаар явган явцгаажээ. Нэг жилийн хугацаанд хайж явсаар, аугаа Мастер суудаг хотод ирээд, түүнд мянга мянган зарц үйлчилж байхыг хараад, ийм тансаг байдалд амьдардаг юм бол тэр Мастер байх боломжгүй гэж гэж үзжээ. Тэд түүнээс дутуугүй алдартай Мастер суудаг өөр хот руу явжээ. Дөчин өдөр дөчин шөнө яваад ноорхой байшинд иртэл, буурал сахалтай өвгөн тэднийг нүдэндээ нулимстай угтав. “Та нар миний багшийг голоод над дээр ирлээ” гэхэд хоёр даяанч “Та бол Мастер. Та бол жинхэнэ ангижрагч хүн байна” гэж шавар домбо, ядуу зүдүү байдлыг нь харж хэлжээ. Харин өвгөн түүний хариуд: “Хэрэв би өдөр бүр тансаг байх юм бол ангижирлаа хадгалж чадахгүй. Харин миний багш тансаг байдал дунд, эд баялаг дунд гэгээрлээ хадгалж чаддаг. Энэ нь түүнд нөлөөлдөггүй, харин надад нөлөөлдөг. Та нар буцаад явцгаа!” хэмээжээ. Үүнээс үзэхэд дотооддоо гэгээрсэн бүх хүн биеийн хэрэгцээнд хүлэгддэггүй, гэхдээ ямар ч тохиолдолд аскетууд (амьдралын таашаал бүхнээс татгалзагч) байдаггүй. Яг үүнтэй ижил урлагийг бүтээгч нь цэвэр урлаг бүтээж, түүнийгээ худалдан амьдрал, тэр ч бүү хэл алдар нэр, эд баялагтай байх нь уран бүтээлчийн хувьд хамгийн дээд байдал нь юм болов уу.

Дамиен Хөрст, “Гэгээн Себастияан, Шархиран өвдөхүй” (2007).

Жишээлбэл, өнөө цагийн маш их дуулиан тарьдаг Их Британий уран бүтээлч, энтерпренер, цуглуулагч Дамиен Хөрстийн баримлууд маш өвөрмөц агуулгатай. Түүний оргил үе 1990-ээд онд байсан ба одоогийн байдлаар тэрээр нэг тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян уран бүтээлчдийг тэргүүлж байна. Гэсэн хэдий ч тэрээр өнөөг хүртэл маш олон тооны үзэсгэлэн гарган, өвөрмөц цочирдуулсан концепц бүхий уран бүтээлүүд туурвиж, түүнээс олсон орлогоороо Госс-Майкл санг 2007 онд байгуулсан. Тус сан нь контемпорэри урлагийн үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулах зорилготойгоор байгуулагдсан ба тус сан нь Их Британийн контемпорэри урлагийн бүтээлүүдээс бүрдэх ба тус улсын өнөө цагийн хамгийн алдартай уран бүтээлчдийн 500 гаруй бүтээл багтдаг маш арвин цуглуулгатай.

Уран бүтээлч нь аливаа зорилгоор бүтээл хийн тухайн бүтээлээрээ дамжуулан олон нийтэд ухаарал, баясал, ер нь юу ч авчирсан бай, хувь хүнийхээ талаас бүтээлээрээ олсон ашиг орлогоороо өөрийн анхан шатны хэрэгцээг хангаад зогсохгүй зовсон нэгэнд туслан, цаашлаад байгаль орчин, дэлхий нийтэд тулгамдсан асуудлийг шийдэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор томоор харах нь энэ сэдвийн гаргалгаа гэж үзлээ. Учир нь бид өөрсдийгөө харах хүрээгээрээ, бодох цараагаараа хязгаарлаж, хэчнээн их боломж бололцоотойгоо ойлгоогүйн улмаас зөвхөн талхныхаа мөнгөний төлөө амьдарсаар насыг бардаг. Үхэхийн цагт бид энэ ертөнцөд амьдрахдаа амьдралаа юунд үрснээ тооцоход харамсахгүй байхаар л өөрсдийгөө дайчлах хэрэгтэй гэж би боддог.

Хэрэглэсэн эх сурвалж:

Үлгэр: Мирзакарим Норбеков –Нууцыг тайлахуй буюу нэг сая бэлэн шийдвэр хэрхэн гаргах вэ?

2019.5.29

Улаанбаатар хот, Монгол улс

@2019 Жаргалсайханы Номин-Эрдэнэ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.

--

--