“УРЛАГ БА МӨНГӨ: БИДЭНД ҮРГЭЛЖ СОНГОЛТ ТУЛГАРДАГ”
Урлаг судлаач Г.Уранбаяр
Нам гүм галлерейн орчин цаанаа л нэг содон үнэрт, нууцлаг ертөнц, эл байдлыг эвдэн “Урлагийн хүмүүсийн амьдрал тогтворгүй байдаг ш дээ, тэгш дардан байх нь өдрийн од шиг ээ, урлагт ер нь золиос хэрэгтэй” хэмээн хэлэлцэх дунд эргэм насны хүмүүсийн яриа чих дэлслээ…
Манай улсад урлаг ба урлагийнхан гэгддэг нийт уран бүтээлчид нийгэмдээ, бусад үзэгчдэд ийм л тодорхойлолттой байдаг гэж үү? Дээрх яриатай зэрэгцэн толгойд нэгэн асуулт буусан нь энэ байв. Гэтэл дэлхийн бусад улс оронд “урлаг” болон “уран бүтээлчид” нийгмээ чирэлцэн, тухайн улсын хөгжил болон хэтийн төлвийг урлагаар нь дамжуулан ойлгох үе ч бий. Гэтэл манай нийгэм ч тэр , эдийн засгийн байдал нь ч тэр урлагийг дорд үзсэн үйлдэл тарьсаар л. Тухайлбал, нэг уран зураг байлаа гэхэд хэн хэзээ ямар нөхцөлд тухайн бүтээлийг үзэн таашааж байгаагаас шалтгаалж тэрхүү зургийн үнэлэмж нь өөр өөр гарна. Мань зураач өөрийн онгодоор хөглөгдөж бус мөнгөний төлөө зургаа зурсан нь тодорхой харагдаж байна. Яагаад зураачид өөрсдөө ингэж урлагийг үнэгүйдүүлж байна вэ гэж үү? Энэ бол зөвхөн мөнгөний л төлөө. Онгодгүй бүтээл бол халтууртай адил хэмээсэн үг үүнд яг тохирох мэт.
Одоогоос яг нэг жилийн өмнө юмдаг, хуучнаар хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол улсын консерваторийн бүжгийн ангийн төгсөлтийн тоглолтыг сонирхон үзсэн билээ. Хөшиг нээгдэн тоглолт эхэлсэн цагаас эхлэн дуустал үзэгчдийн сэтгэл хөдлөл өндөртэйгээр төгссөн бөгөөд ёстой л нөгөө урлагийн төлөө төрсөн хүмүүс гэгддэг шиг 16,17 настай хүүхдүүд мэргэжлийн тоглолтыг харуулж чадсан юм. Тэдгээр бүжигчдээр бахархахын сацуу ингээд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж нь хэр их нээлттэй байдаг бол хэмээх асуулт гарч ирэв. Судлаад үзэхээр, бүжгийн ангийн нийт төгсөгчдийн 20–30 хувь нь л бүжигчин мэргэжлээрээ ажиллана, харин үлдсэн хувь нь өөр мэргэжлээр ахин сурч, эсвэл гадаад орныг зорин ажиллахаар морьддог гэнэ. Аргагүй ч юм даа, манай улсад гарын таван хуруунд тоологдох шахуу театр байдаг. Тэгээд тэнд ажилд орлоо гэхэд авдаг цалин нь амьдралд хаана ч хүрэлцэхгүй. Яг бүжигчин мэргэжлээрээ ажиллаад, тайзан дээр гялалзаад олон түмэнд хүндлэгдээд хийсэн бүтээсэн зүйлтэй амьдрана гэдэг ингээд бүтэшгүй зүйл болж байна. Олон жил урлаг гээчтэй зууралдан явсан уран бүтээлч төдийгүй дөнгөж захаас нь барин буй 16 настнуудад хүртэл “урлаг уу” эсвэл “мөнгө үү” гэсэн хоёр сонголт тулгарч байна. Манай улсад уран бүтээлчдийг бэлтгэж чадахгүй бус бэлтгэж чадаж байгаа. Харин бэлтгэн гаргасан бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй агуулахад тоосонд даруулан хэвтүүлж байгаа нь нэн харамсалтай. Болдогсон бол жижигхэн дэмжлэг үзүүлээд замыг нь засаад өгөхсөн гэж бодож байснаа нуух юун.
Монголд яагаад урлаг гээч зүйл шалан дээр хөсөр хаягдаж байна вэ? Учир юу хэмээвээс маш жижигхэн зах зээлд уран бүтээлчид чансаатай уран бүтээл хийх үү, эсвэл аж амьдралаа залгуулахаар талхны төлөөх дайнд оролцох уу гэх асуудалтай нүүр тулсаар ирсэн ба цаашид ч энэ хэвээрээ байх эсэхийг үгүйсгэх аргагүй.
Түүхэн он цагуудад олон уран бүтээлчид амьдрахын төлөө өөрийн авъяас билиг, хүсэл сонирхол гээд л бүхий л зүйлсээ золиослон хаяж мөнгөний төлөөх дайнд эргэлтгүй ордог. Нөгөө талаас, хэсэгхэн уран бүтээлч өөрийн бүтээлийн төлөө бүх насаараа зүтгээд, эцэст нь аж амьдралгүй, гэр бүлгүй бараг л хэн биш гагцхүү өөрийн дардастай бүтээлтэйгээ л хорвоогоос хальдаг. Энэ бол дэлхийн өнгөрсөн түүх мэт боловч манай Монголд одоо цаг дор яригдахуйц асуудал болсоор байна.
Хэрвээ чи дуртай зүйлээ хийгээд түүгээрээ орлого олоод, амьдрал чинь сайхан байна гэж үзвэл чи бол энэ хорвоогийн хамгийн баян бас хамгийн азтай нэгэн билээ.
2019 оны 05 сарын 27
Улаанбаатар хот, Монгол улс
@2019 Гомбосүрэнгийн Уранбаяр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.