“УРЛАГ БА МӨНГӨ: ГАРЫН АЛГАНЫ ХОЁР ТАЛ МЭТ САЛШГҮЙ”

DrTsegmid
Vanjil Art Institute
3 min readMar 9, 2021

Уран бүтээлч & Урлаг судлаач Т.Эрдэнэтуяа

Бидэнд мэдэгдэж буй анхны тэнгэр баганадсан Египтийн пирамид мөн суу алдарт бөмбөгөр оройт Флоренцийн Катедрал, Парисын Нотр Дамын сүм гээд дэлхийн урлагийн түүхэнд бичигдэж үлдсэн түүх дурсгалын цогцолборууд хийгээд хана туурганы зураг, шүтээн, бурхан зураг зэргийг аль нэг хаад, ноёдын үед тэдгээрийн хөрөнгө мөнгө, санхүүжилтээр хэдэн жилийн (хэдэн зуун дамжиж баригдсан цогцолбор ч бас бий) нөр их хөдөлмөрөөр байгуулж байсан түүхтэй. Урлагийн бүтээл аливаа нэг санхүүжилт, захиалга болон ихэс дээдсийн таашаалаар гүйцэлддэг байсан онцлогтой гэж хэлж болмоор. Урлаг нь биеэ даасан салбар болон хөгжихөд эдгээр хаад, ноёдын санхүүжилт ихээхэн тус нэмэр болсон бөгөөд эдгээр санхүүжилт үгүй бол урлагийн хөгжил мөн яаж явагдахыг тааварлашгүй юм. Түүхийн замналыг харж үзэхэд МЭӨ- ХVII зуун хүртэлх бүхий л урлагийн дурсгалууд эдгээрийн мөнгө санхүүтэй холбоотой. Уран бүтээлчид ч гэсэн үүнийг дагаж зөвхөн ийм л жишгээр ажил явагдах ёстой хэмээн сэтгэдэг байв. Гэвч суут Микеланжело хүртэл шинэхэн салхийг мэдэрч, захиалгын ажил үргэлж хийж буйдаа сэтгэлийн шаналалд автдаг байсан үеийг молхи ухаандаа төсөөлөн бодоход бидэнд нэгийг бодогдуулж, орчин үеийн хэдэн зууны дараах нийгмийн өөрчлөлтийг зөгнөж байсан мэт.

Чухам анх ХVII зууны сүүлээс л зураач урчууд ихэс, хаад ноёдын захиалгаас арай өөрөөр амин зуулгаа золгуулах болсон байдаг. Бурхан шүтээний зориулалттай зүйлс захиалдаг захиалагч нар цөөрсөн нь уран бүтээлчдэд амар байсан боловч бас нөгөө талаар эрсдлийг авчирсан. Эдгээр замнал нь уран бүтээлчдийн харааг өргөтгөж илүү олон асуултын хариултыг хайж олох замналаа эхлүүлж урлагийн түүхэнд хөрөг зураг болон байгалийн жанр хүчтэй хөгжихөд нөлөөлсөн давуу талтай ч үүнээс үүдэн хожмоо нэр алдараа дуурсгасан алдарт уран бүтээлчид өлсөж үхэхийн эрмэг дээр тулж байж өнөө үеийг бидэнд авчирсан учралыг хүндэтгэн мэхиймээр…Чухамхүү чин сэтгэлт, үнэнийг эрхэмлэсэн, өөрийн амь нас, тэмцэл, хичээл зүтгэл, бүхий амьдралын үеүдээ зориулсан, эрхэм дээд уран бүтээлчид байгаагүй сэн бол Өнөөгийн урлаг хэмээгчийн үнэ цэнийг өдий зэрэгтээ хүргэх байсан уу үгүй гэдэг бас л сонин.

Урьд хожид үзэгдэж байгаагүй “зургаа зурчихаад худалдан авагчид хайн үзэсгэлэн гаргадаг” зарчим чухам энэ л үеэс эхлэлтэй боловч энэ нь өнөө үеийн биеэ даасан бүтээлч зураачдын хэвшмэл ойлголт болсон төдийгүй давуу тал болжээ. Өнөө цагийн уран бүтээлчид аливаа асуудлыг өргөн дэлгэр харж үзэн, бүтээлчээр чанартай сайн бүтээл туурвил хийж байгаа боловч эдгээр нь олон нийтэд таалагдах поп тал руугаа биш бол уран бүтээлчдэд эрсдэл учирна. Эдгээр эрсдлийг тооцон үзэж, олон улсын урлаг соёл нь хөгжиж буй улс орнууд улсаас тодорхой бодлого гарган, урлаг соёлдоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, уран бүтээлчдийг дэмжих тэтгэлэг зэргийг тодорхойлсноор асуудлыг шийдэж, чанартай сайн улс орны нэрийг гаргахуйц урлагийн бүтээл хийгддэг. Бас нөгөө тал нь аливаа сайн уран бүтээлийг цаг үеэсээ түрүүлж харан эрсдэл учрахаас аврах куратор болон урлаг судлаач хүмүүсийг бэлтгэн гаргахад мөн улсын бодлого ихээхэн чухал. Чухам эдгээр зүйлсдээ анхаарч чадсан улсын урлаг нь илүү далайцтай хөгжих ба түүнийг дагаад ард түмний гэгээрэл явагдана. Урлаг амин зуулгын мөнгөний төлөө хэт их явбал цэвэр чанараа алдаж үүнээс үүдэн үүсэх дагавар нөхцөлүүд үүсч чанаргүй, барьцгүй урлагийг төрүүлж үүнээс үүдэн улс орны оюун санааны хөгжил удааширах үртэй.

Үүнээс дүгнэж үзэхэд урлагийн хөгжлийн чиг хандлага, хэр далайцтай хөгжил явагдах эсэх нь хөрөнгө санхүүжилт, тухайн улсын бодлого зэргээс хамааралтай ба урлаг ба мөнгө нь гарын алганы хоёр тал мэт салшгүй холбоотой гэмээр.

2019.6.2

Улаанбаатар хот, Монгол улс

©2019 Тогтохбаярын Эрдэнэтуяа. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.

--

--