“УРЛАГ БА МӨНГӨ: УРЛАГИЙН ХЭНЭЭТЭН, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ХОЁР”
Уран бүтээлч С.Шүрэнцэцэг
Хүний амьдралын утга учир юу вэ гэвэл хүн бүр гэр бүл, үр хүүхэд гэж хариулах нь дамжиггүй. Харин зарим нэг уран бүтээлч байх хэнээтэй нөхдүүд “миний бүтээлүүд” гэж хариулах байх. Тэд өөрсдийгөө урлагийн загалмайлсан эцэг, эхүүд гэж боддог. Өөрсдийнхөөс нь өөр гайхалтай зүйл гэж тэдэнд үгүй. Тэрээр гэр бүлийн харилцаанд онцын ач холбогдол өгдөггүй, үхэх төрөх болоод хагацал зовлонг хэт мэдрэг хүлээж авдаггүй бөгөөд ерөнхийдөө хувиа хичээсэн гэхэд болно. Гэрлэсэн байлаа ч урдхаа л хийх сонирхолтой, түүнтэй суусан хүн урлагтай л суусан байж таарна. Тэдэнд улс орны байдал, нийгмийн тулгамдсан асуудлууд хамаагүй. Эдийн засаг, инфляцын өсөлт бууралт ч сонин биш.
Хамаг бүхэн түүнийг ойлгохыг хүсэхгүйгээр барахгүй нүүр буруулсан ч халаасанд нь хайрцаг янжуур байхад бүх зүйл тийм ч их дордчихоогүй байна гээд нэг их хямрахгүй. Түүнд, түүнийг бусад хүмүүс юу гэж бодох нь огтхон ч хамаагүй гэх бөгөөд үнэт эдлэл гоёмсог хэрэглээ огтоос сонирхлыг нь татдаггүй. Хомсхон хэрэглээгээ эрх чөлөө гэж бодно. Бусдад хариуцлага хүлээхдээ дургүй, тиймээс олон хүүхэдтэй байхыг тээршээж ч мэднэ. Бусадтай харьцуулагдах дургүй, “би цор ганц” гэх ба бусдын бүтээл, санаа сэдлийг шүүмжлэх атлаа өөрийгөө шүүмжлүүлэх дургүй. Тэдэнд мөнгө хэрэглээнээс илүүгээр хэрэггүй. Өнөөдөр болж байвал маргаашийн тухай бодох нь дэмий цаг үрсэн зүйл.
Гэвч тэд муу хүмүүс биш бөгөөд бусдад саад тотгор учруулагч, зовлонгоор жаргал хийгч, тохуурхан өөнтөглөгч нар биш. Өөрөө бусдад хамаагүй шиг өрөөл бусад бас л түүнд падлий байхгүй. Сэтгэл хөдлөл багатай ч урлагийн тухай яриа, маргаан болоход нүд нь сэргэж дуу нь өндөрсдөг тэд улс төр, хүн чанар зэрэг жижүүрийн сэдвээр маргах дуртай. Хатуу сархад хүртэж, хөгжим чангалж хөлчүүрхэн суухаа урлагийн амьдрал гэж итгэнэ. Түүнд онгод маш чухал. Тэнгэртэй, далдын ямар нэг хүчтэй холбогдож сэрэл мэдрэмжээ дууддаг тэрээр ид онгодынхоо үед л бүтээл туурвина. Бусад үед тэрээр онгодоо хүлээн бачимдахдаа дарс ууна, хөнгөн харилцаа хүснэ. Шинэ мэдрэмж түүнд шинэ онгод бэлэглэнэ. Ур чадвар сайтай ч онгодгүй үедээ юу ч хийхийг үл хүснэ. Гоншигноно, юм хийхэд тэр ч энэ ч болохгүй байна, дэмжлэг алга, улс төрийн бодлого хэрэгтэй гэх мэтээр.
Өөр нэг төрлийн уран бүтээлч. Урлаг хийх нь үнэндээ хүний дур сонирхол дээрээс төрөн гардаг юм. Дуртай зүйлээ хийхдээ хүн аз жаргалтай байдаг. Дуртай зүйлээ хийн түүгээрээ өөрийгөө болон өрөөл бусдыг жаргааж амьдрах яасан сайхан бол. Юу хийхээ үргэлж мэддэг ясны уран бүтээлч, түүнд онгод гэх мэт хөндлөнгийн эсвэл далдын хөдөлгөгч хүч хэрэггүй. Аргадах, албадах шаардлагагүйгээр, тайвнаар, үргэлж шинийг эрэлхийлж явдаг. Салбартаа өөрийн гэсэн өнгө аяс, орон зайг бий болгосон ба түүнийгээ хийж гайхуулж нэр алдрыг олж чадсан. Энэ хүртэл ирэхэд тэр уйгагүй суралцсан, хөдөлмөрлөсөн байж таарна.
Урлаг гэдэг “арын хаалгаар” татаж ордог ертөнц биш. Босго өндөртэй өрсөлдөөнтэй салбар. Дан ганц авьяас чадалтай нь биш урагш тэмүүлэх, өөдлөн дээшлэх хүсэл болоод зорилготой нь шат өгсөж оргилд хүрдэг. Зорилгоо тодорхойлж, цуцалтгүй тэмцэгч уран бүтээлч. Тэд бусдын мэлмийг нээж, оюуныг тэлэх хязгааргүй хүсэлтэй. Тиймдээ ч өөрийн өгүүлэмж илэрхийллийг бас л нэг өөр өнцгөөс гаргаж үзүүлэхийг ямагт хичээнэ. Тэд амаар биш урлагаар ярихыг чухалчилна. Бүтээлээрээ улс төрийг ч шүүмжилж, үндэсний бахархлыг ч босгож чадна. Тэдний энэ хүслийн цаана ямагт олон хүмүүс бий, түүний гэр бүл, түүнийг дэмждэг бүх хүмүүс цаашлаад эх ороноо сурталчлах агуу хүслийг тээнэ.
Би нэг бүсгүйг танидаг юм. Хоббигоо, хийх дуртай зүйлээ мөнгө болгож чадсан зураач барималч энэ бүсгүй өөрийн гэсэн цор ганц гоёл чимэглэлийн зүйл хийдэг. Түүний гаргасан загвар болгон нь бүтээл. Бүтээлээ зарж мөнгө олдог түүний цаашдын зорилго дэлхийн зах зээлд монголын орчин үеийн гоёл чимэглэлийн брэнд гаргах. Тэр Монголынхоо үнэт метал болон үнэт чулуунуудыг хослуулан эмэгтэй хүний гоёл, ээмэг зүүсгэлийг өөрийн гараараа хийдэг. Цэвэр өөрөөс нь гардаг бүтээлүүд нь хаа ч дахин давтагдахгүй гэдэгт итгэлтэй байдаг тэрээр амжилтанд хүрч том баялаг босгож чадна гэдгээ мэднэ. Түүний амжилт дэлхийн зах зээлээр хэмжигдэнэ гэнэ. Учир нь гоёл чимэглэл гэдэг хүний мөнхийн хэрэглээ бөгөөд дэлхийн бүх хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд шүү дээ гэж тэр инээд алдан ярьж байсан. Түүний цор ганц бүтээлийг зүүсэн эмэгтэй аз жаргалаар бялхах нь гарцаагүй. Түүний уран зураг болон барималын ажлууд ч мөн түүнийг л илэрхийлэх нэг “өнгө аясыг” ямагт агуулна. Мэргэжлээ бизнес болгох нь түүнд илүү их зүйлийг хийх бүтээх боломжуудыг олгосоор байдаг авай. Чимээгүй хөдөлмөрлөх түүний өмнөөс бүтээлүүд нь ярих бөгөөд нэг нь нөгөөгөө санхүүжүүлж дахин төрөх нэгэн гайхалтай бүтээлийн хөрөнгө оруулалт болсоор.
Урлаг, мөнгө хоёрыг салгаж үзэх хэрэггүй л дээ. Салгаж бодох тусам энэ үзэл санаандаа хүлэгдэх мэт болно. Хэзээ хийж, хэзээ нь амьдрах билээ дээ.
Урлаг байгаа газар мөнгө байна. Мөнгө байгаа газар соёл байна. Франц улс л гэхэд жилдээ урлагийн сор бүтээл Моно Лиза байрлах Луврын музейг үзэх жуулчлалын салбараас асар их мөнгө олдог. Гайхалтай соёлтой, гайхалтай өнгөлөг. Сайхан газар амьдардаг хүмүүсийн сэтгэл санаа ч сайхан бөгөөд баяр баясгалан нүүрэн дээр нь ямагт тодорно….
2019 оны 05 сарын 29
Улаанбаатар хот, Монгол улс
© 2019 Сүхбатын Шүрэнцэцэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.