“УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ: БИДНИЙ СЭТГЭХҮЙ ОРШИН БУЙН ТОЛЬ”
Интерьер дизайнер Ж.Номин-Эрдэнэ
Урлаг бол бидний сэтгэхүй оршин буйн толь юм. Амьтнаас гагцхүү төсөөлөх чадвараараа ялгарах хүний доторх амьдралын туршлага, үзэл бодол, харах өнцөг, онгодын байдал нь төсөөлөлтэйгөө сүлэлдэн гараар (биеэр, үйлдлээр) биежин бүтээгдсэн тэр зүйлс бол урлаг юм. Бас дээрх бүгдийг бүтээл гэх нэрээр шууд урлагт хамаатуулах хэцүү ч тодорхой цаг хугацаа, орчин нөхцлийн солбицол бүрдсэн үед тухайн бүтээл өөрийн илэрхийлэмжээ тунхаглах юм.
Ерөөс урлаг бол хүний гараар, бодлоор бүтээгдэж болох хамгийн дээд бүтээл юм. Учир нь түүнийг бүтээх бүтээлч нь өөрийн амьдралын туршлагатай, түүнээс тогтсон амьдралыг үзэх үзэл, сэтгэл хөдлөл мөн дээр нь онгодын байдлаар бүтээх нь дамжиггүй. Хүн энэ хорвоод мэндлээд өөрийн нүдээр үзэж харсан, туулж өнгөрүүлсэн бүхнээсээ өөрийн санааг урлагийн хэлээр тольдон илэрхийлдэг. Уран бүтээлчдийн цөөнгүй нь өмнөх амьдралын дурдатгалаас сэдэвлэсэн бүтээлүүдээрээ алдартай ба энэ нь хүмүүст илүү ойр хүрсэн байдаг. Бидний байнга хардаг толины өнцгийг урлаг өөрчилж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хязгаар хэвшмэл ойлголтуудыг эвдэж байдаг нь уран бүтээлчдийн сэтгэлгээний эрх чөлөөт байдлыг харуулна. Нөгөөтэйгүүр амьдралын туршлагаас нь улбаалан бүтээж буй хүний харах өнцгийг тодотгож байдаг. Түүнчлэн сайн урлагийн бүтээлүүд онгод, сэтгэл хөдлөлийн дээд байдалд бүтээгдсэн байдаг нь урлагт тухайн агшны сэтгэлзүйн байдал шууд нөлөөлөх боломжтойн илрэл юм. Бодит дүрслэлтэй боловч бодитоороо орших боломжгүй хэлбэрүүд сюрреалист уран бүтээлчид болох Сальвадор Дали, Макс Эрнст, эсвэл Джорджо ДеКирико зэрэг зураачид өөрсдийн онгод, уран бүтээлийнхээ үндсэн эрч хүчийг тэд Зигмунд Фрейдийн зүүд нойрны сэтгэлзүйн тайлбараас авдаг байлаа. Хачин жигтэй, учир утгагүй, зүй тогтолгүй юмсыг дүрсэлж, түүгээрээ урлагийн барууны үзэл баримтлалыг шүүмжлэхийн тулд, харин ухамсрын нэлээд гүнд хүрэхэд чиглүүлж байлаа. Ухамсарт хянагддаггүй, санамсаргүй ба дотоод ертөнцөөс шүүлтүүргүй шууд урган гардаг хэлбэрүүд сюрреалистуудын тодорхойлогч юм.
Зарим талаараа урлаг барьцгүй түүнийг юу урлаг болгож ямар шалгуур нөхцөлөөр урлаг хэмээн тодотгож байгаа нь өрөөсгөл мэт санагдах боловч үзэгчдийг алмайруулан, сэтгэлийн дээд таашаалд хөтлөн, урам зориг өгөх, тэр ч бүү хэл бухимдал төрүүлэх увдистай. Марсель Дюшампын 1917 онд бүтээгдсэн “Оргилуур”- Fountain (Duchamp) бүтээл нь тухайн цаг үедээ үзэгч болон олон нийтийн урлаг, гоё сайхны ойлголтыг эвдэн цочролд оруулсан юм. Бүтээлийг эрэгтэй хүний бие засах шээлтүүрээр хийн “R.Mutt” гэсэн тэмдэглэгээтэй Нью Йорк хотноо төвтэй Чөлөөт Уран Бүтээлчдийн Нийгэмлэгээс гаргасан үзэсгэлэнд дэлгэсэн юм. Эх бүтээл алдагдсан боловч Марсель Дюшаны зөвшөөрлөөр 1950–1960-аад оны хооронд 16-г хувилсан байдаг. Уг бүтээлээр урлаг бол үргэлж гоо зүйн төлөөлөл байх боломжгүй гүн гүнзгий утга агуулгатай, түүнийг илэрхийлэхийн тулд юуг ч ашиглаж болох боломжтойг харуулна. Аливаа зүйлийг ойлгохын тулд тухайн хүнээс тухайн зүйлийн талаар мэдлэг шаарддаг нь бүхий л салбарт тохиолддог. Зарим бүтээлийг тодорхой зорилготойгоор, зорилтот бүлэг хүмүүст тодорхой санааг хүргэхийн тулд уран бүтээлч нарийн судалгаатай ажиллах боловч хүн бүрийн хүртэхүйн цар хүрээ өөр учир өөр өөрийн ойлгоцоор хүлээн авна. Энэ нь математиктай адилгүй яг түүнийг ойлгох томъёо байхгүй учир хүн бүрийн харах толины өнцөгтөөр урлаг бол хувьсамтгай юм. Иймд ямар нэг урлагийн бүтээл хэн нэгэнд үнэ цэнэтэй бас өөр нэгэнд хэрэггүй зүйл мэт санагдаж болно.
Урлаг нь олон нийтийг өөрсдийн хэлээрээ нийгэмд болж буй сайн муу үзэгдлийн шүүмжилж, сайн сайхан үнэт зүйлсийг эргэн сануулж, бодрол, ухаарал хайрлах ч түүнээс цааш хүний амьдралын бүхий л зүйлсийг хил хязгааргүйгээр бусдад түгээн илэрхийлэх толь юм.
2019.5.20
Улаанбаатар хот, Монгол улс
@2019 Жаргалсайханы Номин-Эрдэнэ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Эх сурвалжууд:
Гэрэл зургийн эх сурвалж:
https://en.wikipedia.org/wiki/Fountain_(Duchamp)#/media/File:Marcel_Duchamp,_1917,_Fountain, _photograph_by_Alfred_Stieglitz.jpg
Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.