“УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ: ART IS SHIT”

DrTsegmid
Vanjil Art Institute
4 min readDec 15, 2020

Урлаг судлаач & Ванжил Арт Институтын Туслах куратор П.Мягмарцэрэн

Зураг.1 Трэйси Эмин “Миний Ор” /1998/

“Урлаг гэж юу вэ?” хэмээн хэн нэгэн надаас асуухад цус тархи руу огцом шахагдаж, хоолой гал тэрэгний яндан мэт чичигнэн “урлаг бол хог новш, нохойн баас” гэх үгс урсан гардаг. Хэлсэн хойноо би юу гээд хэлчихвээ гэж мэгддэг. Яг л далд ухамсарт минь дарангуйлагдсан бага, залуу насны минь дурсамжууд хийгээд “урлаг”-тай холбоотой оюун санаа, сэтгэлд минь үүссэн бухимдал, эгдүүцэл одоо л ам нээх боломж олдлоо гэсэн шиг бусад хүн зогтусах үгсийг өгүүлдэг.

Мэдээж үүнийг унших өндгөн толгойтнууд (egghead буюу “Бодит амьдралын талаарх мэдлэггүй дээд боловсролтон”) хийгээд өөрийгөө суутан гэж итгэсэн цагаан гартнууд, эсвэл нийтийн дуу Youtube дээр тоглуулан суух эгэл нэгэн “чи урлагийг ингэж тодорхойлж болохгүй” хэмээн шүүмж үгсийг ялгаагүй шидэх биз. Магад тэдний хэлэх шүүмж нь ортой ч байж болно. Учир нь миний харж, мэдэрч, гомдоллож, егөөдөж буй нь урлагийн тухай гэхээсээ “урлагийн ертөнц-нийгэм” (David Inglis, 2005)-ийн талаарх хувь мэдрэмж бодлууд аж. Урлаг бүхэлдээ миний хувийн амьдрал, хүрээлэн буй соёл нийгмээр маань тодорхойлогдохгүй. Урлагийг “хог новш, нохойн баас”-тай зүйрлэж буй нь урлагийн тодорхойлолт гэхээсээ урлагтай холбогдож үүссэн миний амьдран буй нийгмийн давамгай нөхцлүүдийг тодорхойлж байгаа юм. Энэ асуултын минь хариулт биш юм бол тэгээд юу гэж?

Эрт цагийн Грекийн сэтгэгч Платон урлагийн талаарх эргэцүүлэлдээ урлаг бол аюултай төөрөгдөл гэж хэлсэн байдаг. Учир нь Платоны хувьд урлаг хүний сэтгэл хөдлөлийг ихээхэн өдөөж, бодлогогүй (irrational) болгодог. Түүнийхээр хүнд рационал, сэтгэл хөдлөлийн, бие мах бодийн гэх гурван төрлийн сүнс байдаг бөгөөд рационал сүнс хүнийг удирдан залж, чиглүүлж байх ёстой. Тэгснээр хүн амар тайван сайхан амьдрана. Харин түүний шавь Аристотел эсрэгээр нь хүн урлагт цаг зарцуулж, урлагаас таашаалыг мэдрэх нь зүйтэй, тэгэж хүн зохист чанарт оршиж, амьралын тэнцвэр бий болдог гэж үзсэн. Ингээд харахаар хоёул үзэл санааны хувьд эсрэгцэж буй хэдий ч нэгдмэл цэг дээр огтолцож чадсан. Тэд урлагийг хүний сэтгэлийн утсыг чичрүүлж, тэгш амгалан байдлаас холдуулдаг гэж үзсэн юм.

Тэгвэл сэтгэлийг хөдөлгөдөг бүхэн урлаг уу?

Намрын шаргал наранд нил шар даашинзтай эмэгтэй алхана. Зөрж өнгөрөх хүмүүс нарны гэрлийн туяа болон шар өнгөний зохицлоос баясал, жаргалыг мэдрэнэ. Тэгвэл эмэгтэй, даашинз, нарны туяа нэгдэн нийлээд урлаг уу? Олон хүмүүс урлаг гэж хэлэхээс илүүтэйгээр “урлаглаг” гэж хэлэх байх. Сэтгэл хөдөлгөсөн бүхэн тэгвэл яг ч бас урлаг биш юм байна. Таашаалыг бий болгож байгаа бүхэн ч урлаг биш юм байна.

Леонардо Да Винчигийн “Мона Лизагийн Инээмсэглэл” /1503–1506/ Сэргэн Мандалтын үеийн сонгодог бүтээл, Марсел Душампын “Усан оргилуур” /1917/ Орчин үеийн урлагийн онцгой бүтээл гэгдэж дэлхийн урлагийн түүхэнд бүтээгдсэн цаг үеийнхээ хийгээд одоо цагт ч үнэ цэнэ нь шагшигдан бичигдсэн байдаг. Английн уран бүтээлч Трэйси Эминий “Миний ор” /1998/ гэх бэлгэвч, хог новш, архины шил, эмх замбараагүй орны даавуунаас бүрдэх бүтээл Лондонгийн Кристи галерейн дуудлага худалдаанд 2,2 сая фунт стерлингээр зарагдсан байдаг (Agency, 1 July 2014). Эндээс асуулт дахиад л гарч ирнэ. Эдгээр бүтээлүүдийг юу үнэ цэнэ оруулж, юу сор бүтээл гэгдэх нэр алдрыг оноох шалтгаан болоод байна вэ? Английн сэтгэгч, урлаг шүүмжлэгч Валтер Патер /1839–1894/ хэлсэнээр урлаг яг л дарс шиг таашаалыг бий болгодог (Agency, 1 July 2014) гэж үзвэл эдгээр бүтээлүүд хүмүүнд тэрхүү таашаалыг бүрдүүлж өгдөг болж таарах нь. Гэтэл хүний хэрэглэсэн бэлгэвч, засаагүй ор, хогны бөөгнөрөл, галерейд тавигдсан шээсний жорлонг хараад “таашаал” бий болно гэж үү. Леонардо да Винчи хэрэв амьд байгаад Трэйси Эмины “ор” урлаг нэрийн дор түүний төсөөлж үзээгүй мөнгөөр зарагдсан гэдэгийг мэдвэл толгойдоо сум зоох байсан биз. Тэрээр өнөөдөр дүрслэх урлаг дотроо олон төрөл зүйлд хуваагдаж, төрөл зүйл болгон өөрсдийн цензур, үнэ цэнийг бий болгож байгаа гэдгийг даанч мэдэхгүй л хэсэгтээ төөрөлдөх байсан.

Зураг.2: Марсел Душамп “Усан оргилуур” /1917/
Зураг.3: Леонардо Давинчи “Мона Лиза”/1503–1506/

Ингээд бодохоор урлагийн тодорхойлолт ямар цаг үед, урлагийн ямар төрөл дээр ярилцаж байгаагаас шалтгаалан ялгаатай байх юм. Хувь хүн болгон өөрийн онцлог таашаал, зөв сайхны байр суурьтай байдаг шиг (Graham, 2005), түгээмэл ташаалын онолууд (Шотландын Философич Дэвид Хюмийн /1711–1776/ таашаалын талаарх онол. Түүний “Ташаалын Стандарт” эсээг үзнэ үү) үгүйсгэгддэг шиг, хувь хүн эсвэл нийгэм соёл болгон өөрсдийн зөв болон сайхны талаарх ойлголтыг цогцлоосон байдаг шиг (Bao Y, 10 Oct 2016), урлагт ч мөн түгээмэл тодорхойлолт байдаггүй. Цаг үе, цаг хугацаа, нийгэм соёлын харилцаанаас шалтгаалаад таашаал бүрэлдэж бий болдог гэвэл Трэйси Эмин, да Винчи хоёрыг зэрэгцүүлж тавиад Эминий “ор” урлаг биш гэж хэлэхийн оронд бид “урлаг гэж юу вэ” гэх асуултыг нийгэм соёл, түүх, цаг үеийн нөхцлүүдтэй нь хамааруулан тавьж хариулт эрвэл урлагийн олон талт философи, ёс зүйн тайлбарлалууд үүсч урлагийг “хог новш” гэх залуу бүсгүйн гоморхол, үзэн ядалт, хайранд тайлал бий болж, “урлаг гэж юу вэ” гэдэгт ганцхан хариулт байхгүй гэдэг нь илчлэгдэх болов уу.

2019.5.16

Улаанбаатар хот, Монгол улс

@2019 Пүрэвийн Мягмарцэрэн. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Ном зүй:

Agency, T. N. (1 July 2014). Tracey Emin’s Bed Sells for £2.2 million. The Telegraph.

Bao Y, Y. T. (10 Oct 2016). Aesthetic Preferences for Eastern and Western Traditioanl Visual Art: Identity Matters. Frontiers in Psychology, 7.

David Inglis, J. H. (2005). The Sociology of Art: Ways of Seeing. Basingstoke:Palgrave Macmillian.

Graham, G. (2005). Philosophy of the Arts. New York: Routledge.

Jones, J. (11 Jan 2012, 10.34 EST). Art Criticism and the pleasure principle . The Gurardian.

Тайлбар: Ванжил Арт Институтээс санаачлан анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд болж өнгөрсөн бөгөөд бид тус сургалтыг дүүргэсэн суралцагчдын бичвэрүүдийг цуврал хэлбэрээр нийтэлж байна.

--

--