2019-nCoV коронавирусын дэгдэлтийн эх үүсвэр нь могой байсан байж болох таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна

Mandakhnaran Davaadorj
3 min readJan 28, 2020

--

Өнгөрсөн оны 12 дугаар сараас БНХАУ -д гарч эхэлсэн 2019-nCoV коронавирусын халдвар нь дэгдэлт хэлбэрээр тархаж өдгөө /2020 оны 1 дүгээр сарын 27 -ны өдрийн байдлаар/ дэлхийн олон орны олон олон арван хүнийг хамран өвчлүүлээд байгаа билээ. Манай улсын хувьд 2019-nCoV халдварын батлагдсан тохиолдол гараагүй байгаа бөгөөд Монгол улсын эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг халдвараас сэргийлэхийн тулд бэлэн байдалд шуурхай ажиллаж байгаа юм.

Судлаачид саяханыг хүртэл 2019-nCoV халдварын анхны эх үүсвэр нь өмнө нь дэгдэж байсан коронавирусын шалтгаант SARS болон MERS өвчнүүдийн адил сарьсан багваахай хэмээн үзэж байсан бөгөөд уг халдвар нь сарьсан багваахайнаас шууд хүнд халдсан уу, эсвэл завсарын ямар нэгэн амьтаныг дамжин халдварласан уу гэдэг нь хараахан бүрэн тодорхой болоогүй байсан юм.

Тэгвэл энэхүү халдвар нь сарьсан багваахайнаас Өмнөд хятадын эрээн крайт (Bungarus multicinctus., The many-banded krait, eng., Южнокитайский многополосый крайт, рус.) хэмээх нэгэн зүйл хорт могойгоор дамжин хүнд халдварлагдсан байж болох талтайг судлаачид тогтоожээ. Тайвань крайт, Хятадын крайт хэмээн бас нэрлэгддэг энэхүү зүйлийн могой нь маш хүчтэй хорт могойн төрөл бөгөөд төв болон өмнөд хятад, зүүн-өмнөд азид тархсан байдаг байна.

Урьд өмнө дэлхийг даяарыг хамарсан том хэмжээний дэгдэлт үүсгэн тархаж байсан коронавирусын шалтгаант SARS ба MERS өвчнүүд нь мөн тухайн үед сарьсан багваахайнаас тархаж суусар, тэмээ зэрэг амьтадаар дамжин хүнд халдварласан “вирусын зооноз өвчнүүд” хэмээх ангилалын өвчнүүд байсан бөгөөд вирус нь анхны эзэн болон завсарын амьтадын биед байхдаа мутацид орон хувирсанаар хүнд болон цаашдаа бусад хүмүүст халдварлах чадвартай болсон хэмээн үзэж байсан юм.

Өмнөд хятадын эрээн крайт могой /photo by Wikipedia/

Хэдийгээр 2019-nCoV коронавирусын энэ удаагийн дэгдэлт нь БНХАУ -н Ухань хотын далайн хүнсний захаас эхэлсэн авч далайн гаралтай хүнсэнд хэрэглэгддэг амьтад уг вирусын халдварыг агуулдаг гэсэн нэг ч баримт олдоогүй тул халдварын эх үүсвэрийг өөр амьтадаас хайж эхэлсэн бөгөөд хятадын судлаачдын хийсэн молекул генетикийн судалгааны дүнд 2019-nCoV удамшлын мэдээлэл буюу геномын нилээд хэсэг нь (бараг 70 орчим хувь) SARS болон MERS -г үүсгэгч коронавирусудын геномын дараалалтай адил байсан нь уг вирусын эх үүсвэрийг өмнөх хоёр төрлийн вирусын батлагдсан эх үүсвэр болох сарьсан багваахай гэж үзэхэд хүргэсэн юм.

Дараахан нь судлаачид илүү нарийвчилсан биоинформатикийн анализийг хийсэн ба үүний дүнд 2019-nCoV вирус нь сарьсан багваахайнаас хүнд шууд халдварлаагүй завсараараа хятадын крайт могойгоор дамжсан болохыг олж тогтоосон аж.

Учир нь 2019-nCoV коронавирусын уургуудыг бүрдүүлэгч амин хүчлийн дэс дараалал тогтоох буюу уургийн код нь хятадын крайт могойноос олдсон коронавирусын уургийн кодтой хамгийн ойролцоо байжээ.

Хятадын крайт могой нь маш идэвхитэй ангууч бөгөөд тус бүс нутагт амьдардаг олон зүйл сарьсан багваахайг идэвхитэй ангуучилдаг аж. Судлаачдын дүгнэж байгаагаар 2019 оны буюу энэ удаагийн коронавирусын дэгдэлтийн эх үүсвэр нь Ухань хотын далайн хүнсний захад зарагдаж байсан сарьсан багваахайн коронавирусээр халдварлагдсан хятадын крайт могой байсан бөгөөд уг могойноос махаар нь юмуу өөр ямар нэгэн замаар вирус хүнд халдварлаж цаашлан бусад хүмүүст тархсан байна.

Өмнөд хятадын эрээн крайт могойн тархалт

Гэвч дээрхи судлаачид уг вирус нь хэрхэн халуун цуст сарьсан багваахайн биес физиологийн хувьд эрс ялгаатай хүйтэн цуст могойн биед улмаар буцаад халуун цуст хүний биед дасан зохицож чадсаныг одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Судлаачдын дээрхи урьдчилсан үр дүнг бүрэн батлахын тулд ижил төстэй лабораторийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ удаагийн дэгдэлтийг үүсгэж байгаа 2019-nCoV вирусыг байгаль дээрхи сарьсан багваахай болон байгаль дээрхи болон тус зах дээрхи могойноос олох нь уг таамаглалыг бүрэн батлах эхний алхам болох юм. Гэвч коронавирусын дэгдэлт гарсанаас хойш анх гарсан Ухань хотын далайн захыг бүрэн хааж олон янзаар ариутгасан нь уг вирусын эх үүсвэрийг яг таг тодорхойлоход хүндрэлтэй болгосон байна.

Харин 2019-nCoV коронавирусын энэ удаагийн дэгдэлт нь хүн төрлөхтөний хувьд хүнсний ариун цэврийн талаар дахин сануулсан том дохиог өгч байна.

--

--