Яагаад сарьсан багваахайнаас аюулт өвчнүүд тархдаг вэ?

Mandakhnaran Davaadorj
3 min readJan 28, 2020

--

Өрнийн үлгэр домгоос улбаалсан нийтлэг ойлголтонд сарьсан багваахайг цус сорогч болон чөтгөр шуламтай холбон ойлгодог ч тэдгээрийн ихэнхи нь буруу бөгөөд баталгаатай үнэн зүйл гэвэл сарьсан багваахай нь хорвоо дээрхи цорын ганц нисдэг хөхтөн (сүүн тэжээлтэн) амьтан юм. Сарьсан багваахай олон сая жилийн түүхэн хувьсалын явцад энэ гайхамшигт чадварыг олж авахын тулд сүүн тэжээлтэн амьтаны билологи физиологийг багагүй өөрчилсөн ба ингэснээрээ мөн олон арван аюулт өвчүүдийн нян вирусыг өөртөө агуулахад таатай амьтад болон хувирсан байна.

Дэлхий дээрхи хүний тоо толгой харьцангуй цөөн, амьдардаг бүс нутаг нь сарьсан багваахайн амьдрах орчинтой төдийлөн давхцдагүй байсан эрт дээр үед сарьсан багваахайн биед агуулагдах өвчин үүсгэгчид нь хүнд халдах тохиолдол ховор байсан бол дэлхийн хүн амын эрчитмэй өсөлт, түүнээс шалтгаалсан нэн ялангуяа хүн амын шигүү нягтрал бүхий тропикийн бүсүүд дэхь хүний амьдрах хот суурин, газар тариалан, фермерийн аж ахуйнуудын нь эзлэх талбай нь сарьсан багваахайн эзэмшил нутгуудтай давхцаж эхэлсэнээр сарьсан багваахайнаас хүнд өвчин дамжих бодит аюул гарч эхэлсэн юм. Одоогоор SARS, MERS, Ebola, 2019-nCov (коронавирусын) зэрэг хүн төрлдөхтөнд асар их хөнөөл тарьсан аюулт өвчнүүдийн үүсгэгчдийн анхны тээгч эзэн нь сарьсан багваахай байсан нь мэдэгдээд байна. Хамгийн хачирхалтай байгаль дээр олон өвчнүүдийн тээгч эзэн болдог сарьсан багваахайнууд өөрснөө уг үүсгэгчдээрээ төдийлөн өвчилдөггүй аж. Дээр дурьдсан аюулт өвчин үүсгэгчид сарьсан багваахайнаас хүнд шууд болон зэрлэг могой, гэрийн тэмээ зэрэг завсарын амьтадаар дамжин халдварлагддаг юм.

Тэгвэл сарьсан багваахай яагаад ийм олон аюулт өвчний тээгч болдог вэ? Яагаад өөрснөө өвчилдөггүй вэ? Яагаад тэдгээр өвчний үүсгэгчид нь хүн болон бусад амьтаны биед орохоороо өндөр хоруу чанартай болдог вэ? гэсэн олон асуулт гарна.

Товчхон хариулахад дээрхи асуултуудын хамгийн гол буруутан нь сарьсан багваахай өөрөө бус харин түүний нисэх чадвар болон нисэхэд зориулагдсан өөрчлөгдсөн хөхтөн амьтаны биологи физиологийн шинж чанарт нь байгаа юм.

Юун түрүүнд сарьсан багваахай нь агуй гэх мэт жижиг орон зайтай дулаан газарт олон зуу, олон мянгаараа сүрэглэж амьдардаг ба ингэж сүрэглэх нь амьтад хооронд өвчинд тархах таатай боломж олгодог юм. Сарьсан багваахайн нийт 900–1200 орчим зүйлүүд байдаг бөгөөд одоогоор мэдэгдэж байгаагаар нийт зүйлүүд 137 төрлийн вирус тээдгээс 61 нь хүн гэх мэт өөр зүйлийн амьтадад дамжин халдварлах зооноз вирусууд байдаг. Үүнээс үзвэл сарьсан багваахайн 1 зүйл дунджаар 1.8 зооноз вирус тээж байх магадлалтай байна.

Сарьсан багваахайнаас хүнд өвчин дамжих боломжит замууд.

Сарьсан багваахай гэх мэт хөхтөн амьтан нисэх үедээ хэвийн цагт 37С орчим байдаг биеийн температур нь 40С хүртэл нэмэгддэг ба энэ нь бусад хөхтөн амьтадын дархлааны гол хариу урвалуудын нэг болох “халуурахтай” ижил нөлөөг өвчин үүсгэгчид үзүүлэн ихэнхийг нь устгадаг аж. Энэ мэт тогтмол “чаналтанд” байсан ихэнхи өвчин үүсгэгчид идэвхгүйждэг бол цөөн тооны өндөр хоруу чанартай үүсгэгчид нь ялгаран тэсч үлддэг байна. Ийм маягаар сарьсан багваахайн бие өвчин үүсгэгчдийг хоруу чанар өндөртэй болгон сурган чадваржуулж байдаг гэж ИБУИНВУ -н Дублины Их Сургуулийн судлаачид хэлж байгаа юм.

Түүнчлэн БНХАУ -н Ухань хотын Вирус Судлалын Институтын эрдэмтийн хэлж байгаагаар хүний бие вирусын халдварын үед дархлааны дохиоллын молекулуудыг ихээр ялгаруулан хэт хүчтэй үрэвсэл явуулсанаар өөрийгөө гэмтээн аюулд учруулдаг бол сарьсан багваахайн бие нь вирусын халдварын үед өөрийн дохиолол молекулуудын ялгаралтыг бууруулснаар үрэвслийн хариу урвалыг хязгаарлаж бие өөрийн бие махбодын хувьд хортой, шаардлагагүй үрэвсийн урвалыг явуулахгүй харьцангуй тайван байж чаддаг байна.

Ингэж маягаар сарьсан багваахайн бие нь өөрөө харьцангуй тэсвэртэйгээр аюулт өвчнүүдийг тээж бусад амьтадад дамжуулах биологи шинж чанартай гэдэгийг хүн төрлөхтөн олж мэдээд байгаа ба уг зураглалыг илүү тодорхой болгохын тулд ойрын 10–20 жилд илүү эрчимтэй судалгааг хийж аюулт өвчнүүдийн шинж чанар болон халдвар дамжих шинж байдлуудыг танин мэдэх шаардлагатай байна.

--

--